Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин Баттулгын Баянмөнхийн гэр бүл мал маллах арга туршлага, амжилт ололтоороо малчин түмнээ хошуучилж
"Аймгийн хошой аварга малчин" цол хүртлээ. Малч удамтай энэ гэр бүл 1993 онд аав ээжээс өмч болгон өгсөн 300-аад толгой малтай өрх тусгаарлаж байжээ. Хамтын амьдралын 30-аад жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж өдгөө бог, бод нийлсэн 1000 гаруй толгой малтай болсон байна.
Түүний аав н.Баттулга нь ардын их хурлын депутат, Монгол улсын аварга малчин хүн байжээ. Аавынхаа малч ухааныг нь өвлөн амжилтад нь хүрэхийн төлөө зорьж тэмүүлж яваа тэрбээр хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрлөсөн олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд энэхүү хүндтэй цолны эзэн болж байгаадаа баяртай байв.
Тэрбээр малын тооноос илүү чанарт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг гэлээ. Энэ хавар салхи шуурга ихтэй хүндхэн хавар болж байгаа хэдий ч байгалийн шалгуурыг даван, эднийх төл малаа бүрэн авч мал сүргээ өсгөжээ.
ВИДЕО: