Зэрэг сумын Бураа багийн малчид, иргэдийн "ЦАХИР САЛАА" нөхөрлөлийн гишүүд "БҮТЭЭЛЧ САНААЧИЛГА-ҮЛГЭР ЖИШЭЭ АЖИЛ" өрнүүлжээ



Ховд аймгийн Зэрэг сум дөрөвдүгээр сарын найман хүртэл "ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ" долоо хоногийн аян өрнүүлж байна. Энэ ажлын хүрээнд тус сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, баг бүр тусгай хуваарийн дагуу нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсаар байна. 

Бураа багийн малчид, иргэдийн "ЦАХИР САЛАА" нөхөрлөлийн гишүүд хамтран авто замын дагуух хог хаягдлыг өөрсдийн санаачилгаар цэвэрлэжээ. Тус нөхөрлөл нь жилд 2-3 удаа бүтээлч энэ ажлыг хийж зөвхөн зам дагуух орчноос нэг удаадаа 10-15 машин хог ачиж төвлөрсөн цэгт хүргэн заримыг нь шатаадаг байна.

Ихэвчлэн архи, согтууруулах ундааны шил, лааз, ус, ундааны сав, амны хаалт, гялгар уут зэрэг байгальд халтай хог хаягдал гардаг гэдгийг нөхөрлөлийн ахлагч Б.Цогбадрах, багийн Засаг дарга Н.Мягмар нар хэлж байлаа.



Хот, аймаг, сум хооронд зорчиж буй иргэд, жолооч нар хог хаягдлаа зам зуур цонхоороо хаядаггүй, иргэн бүр хогоо зориулалтын саванд хийж хэвших нь чухал юм.  

Байгаль орчинд ээлтэй, бүтээлч санаачилга өрнүүлсэн нөхөрлөлийн хамт олноос үлгэр жишээ авч ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэхийг уриалж байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ