Ховд сумын дунд сургууль 500 гаруй сурагчтай. Сүүлийн хэдэн жил 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байранд 2-3 ээлжээр хичээллэж иржээ. Тэгвэл 240 хүүхдийн суудалтай шинэ өргөтгөлөө хүлээн авч нэг ээлжээр хичээллэх бүрэн боломжтой боллоо.
Сурагчид нь 100 хувь Казах. Казах, Монгол гэсэн хос хэл дээр сургалтаа явуулдаг учраас хичээлээс гадуур ялангуяа сурагчдын хэлний мэдлэг, чадварыг сайжруулах зайлшгүй шаардлага гардаг байна.Тэгвэл одоо сурагчдад нэмэлт давтлага өгөх, хоцрогдол арилгах, сургалтын чанарт илүү анхаарч, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн нээлтэд оролцож хүүхэд, багачуудын сурч хөгжих орчныг бүрдүүлэх үүднээс зарим ангийн ширээ сандлыг шийдвэрлэн өгч "БАТЛАМЖ" гардуулав.
Хичээлийн байрны өргөтгөлийг
"Ховд Баганат" ХХК улсын төсвийн нэг тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулжээ.