ОБГ-ын Эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч шуурхай ажиллаж 10 метрийн гүнээс 2 авто машиныг татан гаргаж эздэд нь хүлээлгэн өгчээ



Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой 21:00 цаг орчимд Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг "Уур баагьдаг" гэх газарт приус 20, приус 10 маркийн авто машинууд мөс цөмөрсний улмаас  нуурын усанд унасан дуудлага хүлээн авчээ. Ирсэн дуудлагын дагуу тус газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид дуудлагаар ажиллажээ. Дээрх авто машинд нийт 8 хүн зорчиж явсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна. ОБГ-ын Эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч шуурхай ажиллаж 10 метрийн гүнээс 2 авто машиныг татан гаргаж эздэд нь хүлээлгэн өгсөн байна. 



Сүүлийн үед иргэд зам товчилж мөсөөр  зорчих явдал их байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Аймгийн УЦУОШТ-өөс авсан мэдээгээр томоохон голуудын мөсний зузаан 45-85см мөсөн бүрхүүлтэй байна. Хэдийгээр зарим гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул  мэргэжлийн байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэг мэдээтэй өдөр тутам танилцаж, гол нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ