Ховд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл өнөөдөр /2021.12.31/ хуралдаж, 2021 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Тус зөвлөл нь 2021 онд 6 бүлгийн 29 заалт бүхий ажлын төлөвлөгөө батлан ажилласанаас 24 арга хэмжээ бүрэн хэрэгжиж 5 арга хэмжээ Коронавируст халдвар /Ковид-19/ -ын цар тахал болон төсөв мөнгөтэй холбоотой шалтгаанаар хэрэгжээгүй ба төлөвлөгөөт ажлаа 85 хувьтай биелүүлжээ.
Тухайлбал, Аймгийн ГЭБОНЗ нь 2021 онд сургуулийн дотор болон гадна орчинд хүүхэд багачуудад тохиолдож болох эрсдэлүүдийг аюулын зураглалаар тодорхойлон түүнээс хэрхэн сэргийлэх талаар төлөвлөгөө гаргах, шинэ коронавирус (covid-19)-ын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг 4 удаа хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан аймгийн онцгой комиссын хурлаар хэлэлцүүлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийж ажиллуулсан байна. Мөн 17 сумын гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн бие бүрэлдэхүүнд аймгийн Улаанзагалмай хороо, Мерси Кор Олон улсын байгууллагатай хамтран 21 удаагийн сургалт зохион байгуулж, үүнд 1349 томилгоот бие бүрэлдэхүүн хамрагдсан байна. Түүнчлэн сумдын сайн дурын хэсгийн гишүүд малчин өрхүүдэд “Бэлэн бай” багцаар сургалт зохион байгуулж, цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утсаар хүлээн авах талаарх мэдээлэл өгч гарын авлага материал 30000 гаруй ширхэгийг бэлтгэн тараасан зэрэг төлөвлөгөөт ажлууд хийгджээ.
Хурлын үеэр зөвлөлийн гишүүд санал бодлоо нээлттэй илэрхийлж, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдуудад сургалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдрүү чиглэсэн мэдээ мэдээлэл өгөх, баннер, шторк бэлтгэх, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал гаргах, салбар дундын харилцан ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах асуудал хариуцан мэргэжилтэн томилуулж ажиллуулахад анхаарах шаардлагатайг хэлж, санал уламжилсан юм.
2022 онд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг осол тохиолдсон үед тухайн гамшигийн эрсдэлийг хурдан шуурхай бууруулах чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлаж, урьдчилсан байдлаар 6 бүлэгт 24 ажил хийхээр төлөвлөсөн байна. Ийнхүү гишүүдээс гарсан зарим саналыг 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр боллоо.