Зэрэг сумын иргэн С.Артурын гэр бүл чулуун тээрмээр хөх тарианы гурил үйлдвэрлэж байна



Төрөөс ямар нэгэн дэмжлэг харахгүйгээр өөрсдийн хөдөлмөр зүтгэлээрээ амьдралаа аваад явчихдаг бас бусдыг ажлын байраар хангадаг үлгэр жишээ олон хүн бий. Тийм хүмүүсийн нэг нь Улсын тэргүүний Зэрэг сумын иргэн Сүхээгийн Артур, Алтанцэцэг нар юм. Тэд өвөг дээдсээс өвлөж авсан уламжлалынхаа дагуу чулуун тээрмээр бор гурил үйлдвэрлэж байна. 



Эднийх сүүлийн 3 жилийн турш орон нутгийнхаа хөрсөнд өөрсдийн тарьж ургуулсан хөх тариагаар бор гурил үйлдвэрлэж байна. Энэ жил ургац сайн байсан учраас 3,5 тн тариа хураан авчээ. Өдөрт 20-25 кг тариаг уламжлалын дагуу хуурч болгон 23 кг гурил үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг байна. Эрүүл мэндэд чухал ач холбогдолтой учраас гурилын үйлдвэрлэлээ өргөжүүлэх алсын зорилготой байгаагаа хэллээ. 

Орон нутагт ажлын байр хомс. Зах зээл бага ч хөдөлмөрлөж чадвал өөрийгөө бас бусдыг ажлын байраар хангах боломж байгааг энэ жишээ харуулж байна. Одоогоор ямар нэгэн зээл, санхүүгийн дэмжлэг аваагүй ч эднийх таван хүнийг ажлын байраар хангажээ. Нэг ажилтан л гэхэд өдөрт 10-15 кг гурил тээрэмдэж сардаа 600 000 хүртэлх төгрөгийн цалин авдаг байна.

ВИДЕО:


Монголчууд эрт дээр үеэс тариагаа тарьж бор гурилаа үйлдвэрлэн хүнсэндээ өргөнөөр хэрэглэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг С.Артурын гэр бүлийнх хадгалж байна. Нөгөө талаар уламжлалт аргаар үйлдвэрлэж байгаа нь эрүүл мэндэд ач тустай эко бүтээгдэхүүн болж байгаа юм.  



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ