Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлд сэтгэл зүйн боловсролын мэдээлэл зөвлөгөө өгч чадавхижуулан нийгмийн үйлчилгээнээс хүртэх боломжийг нэмэгдүүлэх асуудал чухал байсаар байгаа юм. Тэгвэл Аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлдэг
"Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-ний хүрээнд
"Эмэгтэйчүүд гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв"-тэй хамтран
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ болон сэтгэл заслын үйлчилгээ"-г энэ сарын 8-наас эхлэн үзүүлж эхэллээ.
Энэ ондоо багтаан уг үйлчилгээнд Жаргалант суманд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 81 иргэнийг хамруулж байгаа ба 2 дахь ээлжийн зөвлөгөө өгөх үйлчилгээнд харааны болон сонсголын бэрхшээлтэй 31 иргэнийг хамруулахаар төлөвлөжээ. Энэ удаад Жаргалант суманд амьдарч буй сонсголын бэрхшээлтэй 18 иргэнийг хамруулж, ганцаарчилсан болон бүлгээр зөвлөгөө өгч тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонссон юм.
Тэдний зүгээс ийм төрлийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж байгаад талархалтай байсан ба цаашид орон нутгийн хэмжээнд ийм төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж бичгийн боловсрол олгох, дохионы хэлийг бүрэн төгс эзэмших чиглэлээр сургалтад хамрагдах хэрэгцээ шаардлага байгааг хэлж байлаа.
Эдгээр хөгжлийн бэррхшээлтэй иргэд энэ сардаа багтаан 11 удаагийн давтамжтайгаар уг үйлчилгээнд хамрагдана. Энэхүү зөвлөгөө үйлчилгээг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийн сэтгэл зүй оюуны дархлааг дэмжих, өөртөө итгэх итгэл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн оношилогоонд суурилсан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.
Ховд аймгийн хэмжээнд 3039 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1214 нь Жаргалант суманд байдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, асаргаанд байдаг ахмад настанруу чиглэсэн энэ төрлийн үйлчилгээнд 2019 оноос хойш давхардсан тоогоор нийт 341 иргэнийг хамруулж тэдний бэрхшээлийн онцлогт тохирсон зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.
ВИДЕО: