Микихо ХХК-ийн оёдлын үйлдвэр 15-20 хүнийг ажлын байраар хангажээ



Жаргалант сумын иргэн Д.Нямлхагва орон нутагтаа ажлын байр гаргаж, үйлдвэрлэл хөгжүүлэхээр "Микихо ХХК"-ийг байгуулжээ. Сургалтын танхим, дундын оффис, кофе шоф, оёдлын үйлдвэр гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зорьж  2019 оны сүүлчээр ажлаа эхэлсэн ч удалгүй цар тахлын улмаас хаалгаа барьсан байна. 900 орчим мкв2 талбай бүхий ажлын байр нь бүрэн цахилгаан халаалттай, халаалтын зардалд сардаа 1,800 000-2 000 000 төгрөг зарцуулдаг учраас алдагдалд оржээ. Харин Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжээ дэмжиж гаргасан зарим шийдвэрийн үр дүнд өнөөдөр оёдлын үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж байна. 


 
Төрөөс авсан бас нэг дэмжлэг нь ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл. 500 сая төгрөгийн зээл хүссэн ч 60 сая төгрөг авчээ. Бага гэж гололгүй боломж бололцоогоо ашиглан үйлдвэрлэлээ явуулж өнөөдрийн байдлаар 15-20 хүнийг байнгын ажлын байраар ханган 500 мянгаас 1 200 000 төгрөгөөр цалинжуулдаг байна. Одоогоор өөрийн болон зэргэлдээх аймгуудын 10-аад байгууллага, аж ахуйн нэгжээс захиалга авч ажлын 1000 орчим хувцас, аяны 200 гаруй хөнжил үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах үүднээс ус чийг нэвтэрдэггүй, дулаанаа хадгалдаг чанартай материалаар гэрийн дээвэр туурга, бүрээс оёхоор төлөвлөсөн байна.



Үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд тогтмол захиалгатай байх нь чухал. Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа ажлын хувцсыг улирлаар нь захиалаад байвал наанадаж орон нутгийн иргэд нь ажилтай, орлоготой байна. Цаашлаад үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж бий гэж үзэж байна. 
Цар тахлын хүнд сорилтыг сөрж иргэнээ ажилтай, орлоготой байлгах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхийг зорьж байгаа жишээг Микихо компанийн оёдлын үйлдвэрээс харж болно. Гагцхүү компани, аж ахуйн нэгжийн дэмжлэг чухал байна.

ВИДЕО:












.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ