З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ



ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд цаг үеийн асуудал буюу ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нэгдсэн мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа.

Дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажилласан хугацаанд байгаль цаг агаарын хүндрэл учирсан хэдий ч малчин, тариаланч, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчийн хүчин чармайлт, техник, технологийн шинэчлэл, Төр засгаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд хөдөө аж  ахуйн салбарт чамлахааргүй ажлын амжилтууд гарч байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ургац ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртсөн.

Ургац хураалтын ажил 09 дүгээр сарын 15-наас эхэлж өнөөдрийн байдлаар 63 мянган га талбайг ангилан хадаж, 210 мянган га-аас 310 мянган тонн үр тариа, үүнээс 293 мянган  тонн улаанбуудай, 15.2 мянган га-аас 145 мянган тонн төмс, 7.3 мянган га-аас 92 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган га-аас 86 мянган тонн тэжээлийн ургамал, 30 мянган га-гаас 17 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан. Ингэснээр үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76-77 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар ахиу байна.
Ургац хураалтад 11.1 мянган хүн ажиллаж байна

Орон нутгаас ургац хураалтын ажилд 8 мянга гаруй оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга ирүүлсэн бөгөөд Засгийн газрын 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох яамд болон Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан, нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

Ургац хураалтын ажилд нийт 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллаж байна.



90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлэгдээд байна

Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих санд 90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлэгдээд байна. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж, намрын ургац хураалтаас буудай хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлж байна.


3000 гаруй тонн нөөцийн мах бэлтгээд байна

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна.

2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3100 тонн мах бэлтгээд байна. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэж нөөцлөхөөр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

Аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг, чиглэлийг хүргэн, бэлтгэл ажлыг хангаж байна.


Орон нутагт өвс, тэжээлийн бэлтгэл ажил талдаа орлоо

Улсын хэмжээнд 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд нийт 44900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14860 тонн тэжээл тус тус бэлтгэхээр төлөвлөсөн.

9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар малчид 791.9 мянган тонн өвс, 22.1 мянган тонн ногоон тэжээл, 1.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 23.9 мянган тонн гар тэжээл, 1.3 мянган тонн дарш, 31.5 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгэж, гүйцэтгэл 52.7 хувьд хүрлээ.



1850 малчин өрх отроор өвөлжинө

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалант, Ачит нуур, Багахайрхан, Баян нуур, Малах, Чилэн, Чойбалсан, Хөх дэл, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт  2021-2022 оны өвөл нийт хонин толгойд шилжүүлснээр 854 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гэсэн дүн гарсан. Дээрх отрын бүс нутгуудад 19 аймгийн 70 сумын 1850 малчин өрхийн малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.



86 мянган га бэлчээрийн ургамлыг хамгааллаа

Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь аймгуудыг хамруулан микробиологийн аргаар нийт 86 мянган га бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтны хөнөөлөөс хамгаалан мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Мөн үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээний намрын ажлыг 9-11 дүгээр сард 9 аймаг, аймаг дундын отрын бүс нутгийн 400 орчим мянган га бэлчээрийн талбайд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд өвөл, хаврын улиралд ашиглах бэлчээрийн хэмжээг 400 орчим мянган га талбайгаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.



Эх сурвалж: ХХААХҮЯам



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ