УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 19-ний өдөр Ховд аймгийн Алтай, Үeнч, Булган суманд ажиллалаа. Тэрбээр эдгээр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, коронавирусний халдварын нөхцөл байдал, цаг үeийн ажлын талаар мэдээлэл солилцсон юм. Улмаар Улсын Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу хөдөөгийн алслагдсан сумдад нэн шаардлагатай байгаа нэг удаагийн амны хаалт, малгай, бээлий, хамгаалах хувцас болон арбидол эм, оношлуур бүхий 8 нэр төрлийн “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх эмчилгээний багцыг гардуулан өглөө.
Сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, холбогдох мэргэжилтнүүд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг болж, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл бүхий Улаан бүсэд ээлжээр үүрэг гүйцэтгэн, ажиллаж байна. “Ковид-19” цар тахлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас гол тулгамдаж буй асуудлын нэг болж буй энэ үeд эмчилгээний шаардлагатай багц олгож, хангамж нөөц бүрдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлсэнд эмч мэргэжилтнүүд энэ үеэр талархал илэрхийллээ.
Баруун бүсийн сумдын нэг болох Алтай сум нь 3200 гаруй хүн амтай. Одоогийн байдлаар коронавирусний халдварын 322 тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь эдгэрч, 38 хүн тусгаарлах эмнэлэгт, 40 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна.
Харин Үeнч сумын тухайд 4198 хүн амтай. Үүнээс коронавирусний халдварын 224 тохиолдол батлагдсанаас 126 нь эдгэрч, 96 хүн гэрээр, 20 хүн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
10 мянга гаруй хүн амтай Булган суманд одоогоор 555 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, үүнээс 327 нь эдгэрч, 200 хүн гэрээр, 30 хүн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
ВИДЕО:
“