Улсын тэргүүний Ховд аймгийн Үeнч сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Үeнч сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасныг энэ сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймаг орон нутгийн удирдах ажилтнууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
Захчин түмний өлгий Ховд аймгийн Үeнч сум нь 1931 онд байгуулагдсан. Өдгөө Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн засаг захиргааны таван багт 1010 өрхийн 4198 хүн ажиллаж, амьдарч байна. Хүн амын тоо, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээрээ Ховд аймгийн хөдөөгийн 16 сумаас хоёрдугаарт, газар нутгийн хэмжээгээр гуравдугаарт орж байгаа Үeнч сумын тухайд унаган байгалиа хайрлан хамгаалсан, үндэстнийхээ ёс заншил, хөдөлмөрч уламжлал, эв нэгдэл төрт ёсоо дээдэлсэн, эрүүл, оюунлаг иргэдтэй, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлсэн
“Ногоон төгөл” бүхий Монгол Улсын тэргүүлэх сум болно хэмээн алсын хараагаа тодорхойлжээ.
Түүхт 90 жилийн хугацаанд Үeнч сумаас олон эрдэмтэн мэргэд, гавьяат, төр нийгмийн нэрт зүтгэлтэн төрөн гарсан бөгөөд ажил үйлсээрээ улс, аймагтаа тэргүүлж ирсэн.
Тодруулбал, Үeнч сумын
“Алтайн оргил” нэгдэл нь ажил үйлсээрээ 1957-1959 онд улсдаа тэргүүлж, улсын хэмжээнд анх удаа авто машинаар шагнуулж байжээ. Түүнчлэн 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан бүх ард түмний социалист уралдаанд гуравдугаар байр, 1981 онд Улсын тэргүүний соёлч сум шалгаруулах болзолт уралдаанд хоёрдугаар байр, 1987, 1988 онд Ж.Шараа ахлагчтай хадлангийн мeханикжсан салаа улсын аварга, хошой аваргаар тус тус шалгарч байсан байна.
Мөн 1999 болон 2013 онд Ховд аймгийн Тэргүүний сумаар, 2014 онд Улсын тэргүүний сумаар шалгарч байсан бол ийнхүү амжилтаа ахиулж, Алтан гадас одонт сум болж байна.
ВИДЕО: