“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож, тариаланчид, ногоочид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, салбарын хөгжилд шинэ технологи, үйлдвэрлэл нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээгдэхүүнтэй танилцан, тэдний санал бодлыг сонслоо.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гар ариутгагч, Монголын уламжлалт Мана 4, Норов 7 тан үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж буй
“Одь-тан” компанийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч 20 ажлын байр бий болгосон байна. Мөн ажлын байрыг дэмжих 2 наядын зээлийг эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед олгосон нь чухал дэмжлэг болсныг үйлдвэрлэгчид хэлж байв.
Хүнсний ногоочид Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж, энэ жил хураан авсан ургацаа нийслэлчүүддээ борлуулж байна. Монгол ногоо төслийн хүрээнд саримс, байцаа, сонгинын тариалалт нэмэгдсэн, түүнээс гадна энэ хавар ногоочдодоо үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгосон нь том дэмжлэг болж чаджээ.
Энэ жил төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоосоо хангана. Харин илүүдэл ногоог ашиглах зорилгоор Төв аймагт цардуулын үйлдвэр барихаар ажиллаж байна.
Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь агуулах байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барихаар шаардлагатай зохион байгуулалтыг хийж байгаа юм.
Хонины нэхийгээр хувцас үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс зөөлөн үстэй Монгол орхон хонийг олноор нь үржүүлэх чиглэлд бодлогоор дэмжиж өгөхийг хүсэж байлаа.
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож 7 өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй сурталчлан борлуулж байгаадаа сэтгэл хангалуун байна. Мөн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар худалдан авалт хийж буй иргэдийн сэтгэл ханамж 70 хувьтай, зохион байгуулалт, халдвар хамгааллын талаар сэтгэгдэл өндөр байна.
Тоон дүнгээс харвал 9-р сарын 16-нд 24.5 сая, 17-нд 79 сая, 18-нд 111 сая гээд 3 өдрийн турш нийтдээ 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Ерөнхий сайдын зүгээс эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд Засгийн газар болон иргэдийн хамтын ажиллагаа чухал учраас хамтдаа хичээхийг уриалсан юм.
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд хүнснээс гадна газар тариалан, мал аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байгаа тул та бүхнийг идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг урьж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам