Хууль бусаар тарвага агнаж, улмаар худалдахыг завдсан иргэдэд хариуцлага тооцон ажиллаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар болон хууль хяналтын байгууллагууд хамтран нэгдсэн удирдамжаар хууль бусаар ан амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан хяналт шалгалтыг 8-р сараас эхлэн хийж гүйцэтгэж байна.
Шалгалтын хугацаанд тарваганы байршил бүхий сумдын нутгаас хууль бусаар 44 тарвага агнаж тээвэрлэсэн 3 иргэнд холбогдох зөрчлийг шалгаж, тарвага агнасан 3 иргэнд тус бүр 150.000 төгрөгийн торгууль, оногдуулж байгаль орчинд учирсан хохирлын нийт 15.960.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ. Хураагдсан тарвагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлж шинжилгээнд хамруулж устгах арга хэмжээг зохион байгууллаа.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар нь тарвага агнасан, тэдгээрийн мах түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг авч ажиллаж байна.
Тарвага агнасан, мах, арьс түүхий эдийг худалдсан, худалдан авсан талаар баттай мэдээлэл өгсөн иргэнийг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 54.4-д заасны дагуу зөрчилд оногдуулсан нийт торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалыг сум, дүүргийн Засаг дарга олгох бөгөөд мэдээллийг нууцална.