Энэ жилийн ЭЕШ Монгол улсын түүх, Англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлсэн.
Аймгийн хэмжээнд Монгол улсын түүхийн хичээлийг 51 шалгуулагч сонгож, тэдний 40 нь, Англи хэлний хичээлийг 377 шалгуулагч сонгож, тэдний 340 нь шалгалтад оров. Өөрөөр хэлбэл, тухайн 2 хичээлээр шалгалтад орвол зохих 428 шалгуулагчаас 380 шалгуулагч Жаргалант сумын I, II сургууль дээр байрлах шалгалтын төвд шалгагдаж, нийт ирц 88.8 хувьтай байна.
Монгол улсын түүхийн хичээлээр хамгийн өндөр буюу 83 оноо, Англи хэлний хичээлээр хамгийн өндөр буюу 93 оноо авсан тус бүр нэг шалгуулагч байна.
Шалгуулагчид ЭЕШ-аас хоцрох, шалгалтын байраа андуурах, бичиг баримт дутуу ирэх, халдвар хамгааллын дэглэм зөрчиж олноор бөөгнөрөх, бээлийгүй ирэх, хориглосон эд зүйлсийг авч ирэх зэрэг зөрчил илэрсэн нь зохион байгуулалтад хүндрэл учруулсан байна. Иймд шалгуулагч, эцэг эх, асран хамгаалагчид дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.
Үүнд:
1. Суудлын хуваарь дээр байгаа мэдээлэлтэйгээ сайтар танилцах. Ялангуяа шалгалтын төвийн нэр шалгалтын байранд ирэх цагийг мэдэх, шалгуулагчид шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө шалгалтын байранд орон нутгийн цагаар ирэх
2. 2021 онд болон өмнөх онуудад төгссөн бүх шалгуулагч иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ бүрдүүлж авч ирэх,
3. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих. Өөрөөр хэлбэл, зайгаа барих, маскаа тогтмол зүүх, 1 удаагийн бээлий өмсөж ирэх,
4. Дараагийн шалгалтад ирэхдээ зохион байгуулагчдын зүгээс өгсөн харандаа, баллуур, үзүүрлэгчийг авч ирэх,
5. Шалгалтын байр, анги танхимд авч орохыг хориглосон гар утас, чихэвч, ноорог цаас, тооны машин, ус, ундаа, чихэр, шоколад гэх мэт эд зүйлсийг авчирч зохион байгуулалтад хүндрэл учруулахгүй байх.