2021-2022 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж бэлтгэл ажил, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж тодорхой үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр аймгийн Боловсролын газрын даргаар Б.Алтангэрэлийг томилсоныг танилцуулж, ажлын амжилт хүслээ.
Б.Алтангэрэл нь Ховд их сургуульд 30 орчим жил ажилласан. Үүний 10 гаруй жилд нь тус сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгчээр, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Тэрбээр:
"Боловсролын салбарт ажилласан дадлага туршлага, олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг минь үнэлж энэ ажилд хариуцлага үүрүүлэн томилсон гэж хүлээн авч байгаа. Монгол Улсын Засгийн газар, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, боловсролын чанар, багш, сурагчдын хөгжилд ахиц өөрчлөлт гаргахын төлөө өөрийн мэдлэг, боловсрол, ажлын туршлагаа дайчлан ажиллана" хэмээн илэрхийлэв. Мөн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлын талаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын саналыг сонслоо.
БСУГ-ын даргаар ажиллаж байсан М.Пүрэвхүүг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 168 дугаар тогтоолоор БСУГ-ын бүтцийг өөрчилсөний дагуу Соёл урлагийн хэлтэс нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс Соёр урлагийн газар болон үйл ажиллагаа явуулах юм.