Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг дарын орлогч Т.Дэлгэрсайхан, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр нар Жаргалант сумын Өрхийн ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Энэ үеэр Коронавирусний халдварын улмаас Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмчилгээ, үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар мэдээлэл солилцож цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Мөн халдвартай иргэдийн ойрын хавьтал /зөвхөн гэр бүлийн гишүүд/ болсон иргэд, шинж тэмдэг илэрсэн иргэдийг "Шуурхай штаб"-аас өгсөн нэрсийн дагуу шинжилгээнд хамруулах, хичээлийн шинэ жилийг угтан Жаргалант сумын хэмжээнд хийх ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хэрхэн чанартай, үр дүнтэй хийх талаар санал боловсруулж уламжлахыг анхааруулав.
Түүнчлэн СӨБ-д хамрагдах хүүхдүүдийг хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө шаардлагатай шинжилгээнд бүрэн хамруулах, Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан болон халдвар авч эдгэрсэн багш ажилчид, сурагчдын судалгааг тухайн сургууль цэцэрлэгийн захирал, эмч нартай хамтран гаргаж ажиллахаар боллоо.
Өнөөдрийн /2021.08.13/ байдлаар Коронавирусний халдвартай 465 хүн Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад эмчлүүлж байгаа ба өнгөрсөн хугацаанд 834 хүнийг эмчилжээ.
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд өдөрт 400-500 хүнд үзлэг хийж, 200-300 хүнд утсаар зөвлөгөө өгч байгаа бол 150 орчим хүнд гэрийн эргэлт хийж үзлэг хийн ажиллаж байна. Халдвартай иргэдийг гэрээр эмчилж эхэлсэнтэй холбогдуулан өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн ажлын ачаалал эрс нэмэгдэж эмч мэргэжилтнүүд ээлжийн амралтаа аваагүй ажиллаж байгааг хэлж байлаа.