Өнөөдөр /2021.07.29/ Гадаад харилцааны яаманд болсон уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгарын талаас Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нарын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан ноён Петер Сияяартод хандаж биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Биокомбинат” Төрийн Өмчит ХХК-ийн шинэчлэлтийн ажлын асуудлуудыг шийдвэрлэх тухай санал солилцлоо.
Унгар улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа "Биокомбинат" Төрийн өмчит ХХК-ийн шинэчлэлийн ажлыг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд буюу гэрээний дүнг өөрчлөхгүйгээр төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгахад дэмжлэг үзүүлж, энэ 8 дугаар сард багтаан төслийн барилга угсралтын ажлыг шуурхай эхлүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн юм.
Түүнчлэн Унгар Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрэгжүүлэх төслийг дэмжин бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох уулзалт, хурал семинарыг зохион байгуулах саналтай байгаагаа сайд З.Мэндсайхан илэрхийлээд 2023 он дуустал үргэлжлүүлэх Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэн, албан хаагч, оюутан залуусыг сургахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа мөн хэллээ.