Уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ



Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийсний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Үлдсэн 5 хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт байна.

95 хувийг эзэлж буй уул уурхайн экспортыг задалж үзэхэд ихэнх нь нэмүү өртөг шингээгүй түүхий эд байгаа бол уул уурхайн бус экспортын 97 хувийг есөн төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Эдгээр есөн бүтээгдэхүүний ганцхан нь бэлэн буюу ноосон, нэхмэл, ноолууран хувцас байгаа юм.




Нөгөө талдаа, сүүлийн гурван жилд 1500 орчим аж ахуйн нэгж их, бага хэмжээгээр экспорт хийжээ. Гэхдээ нийт экспортын 70 орчим хувь нь 30 аж ахуйн нэгжээс хамааралтай байгаа бол тэдний ердөө хоёр нь л бэлэн бүтээгдэхүүн экспортолж байгаа юм. Мөн сүүлийн гурван жилд манай улс 82 улс руу экспорт хийсэн ч үүний 97 хувь нь 11 улс руу, хамгийн их нь буюу БНХАУ нийт экспортын 80 орчим хувийг эзэлж байна.



Тэгвэл ердөө тавхан хувийг эзэлж буй уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өсгөх, төрөлжүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл” Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж байна.

Уул уурхайн салбараас хэт хамааралтай манай улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм. Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй, тодорхой шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь гэрээгээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлж, гүйцэтгэсний дараа уг үйл ажиллагааны зардлын 50 хувьтай тэнцэх дүнгээр төслийн зүгээс нөхөн санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөр экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн салбаруудыг онцгойлон дэмжинэ. Учир нь экспортын боломжит салбаруудыг судлаад валют оруулах боломжтой дээрх гурван салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг төслийн үр шим хүртэгчээр тодорхойлсон.

10-300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДЭЭС МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2021 оноос Түншлэлийн хөтөлбөрийг эргэн нээсэн бөгөөд 2023 оныг дуустал нийт есөн удаагийн цонх нээж, материал хүлээж авах юм. Нэгдүгээр цонхыг нээхэд 76 аж ахуйн нэгж, 10 кластер материалаа өгсөн байна.  Хөтөлбөрт ирүүлсэн материалуудын дийлэнх нь ноос, ноолуур, мах, аялал жуулчлал гэсэн чиглэлд байгаа юм. Түншлэлийн хөтөлбөрийн хоёрдугаар цонхыг өнгөрсөн сарын 17-нд нээсэн бөгөөд энэ сарын 30 хүртэл материал хүлээн авна.

Маргааш Түншлэлийн хөтөлбөрийн танилцуулгыг цахимаар хийх тул аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Тус танилцуулгаар Түншлэлийн хөтөлбөрийн хоёрдугаар цонх нээгдсэн талаар мөн төслийн талаарх нэгдсэн ойлголтуудыг өгөх юм.

Экспортыг дэмжих төсөл, Түншлэлийн хөтөлбөрийн талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://www.edp.mn/ вебсайтын Түншлэлийн хөтөлбөр цэснээс авна уу. 



Эх сурвалж: ХХААХҮЯам
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ