Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцагчдын гэрээний хэрэгжилтэд хяналт хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж хүргүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн зуун ТББ хамтран Ховд аймаг дахь Эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийж “Эрүүл мэндийн салбар-хөгжил шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар орон нутгийн эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцов.
Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий алба хаагчдыг Засгийн газрын болон яамны шагналаар шагнаж урамшууллаа.
Үүний дараагаар Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орох хүсэлт ирүүлсэн эмнэлгийн мэргэжилтний шалгалт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын сэргийлэлт, хяналтын чиглэлээр, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалтыг тус тус зохион байгуулж арга зүйн зөвлөмж өгч ажиллав.