Аймгийн онцгой комиссын шийдвэрээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээх болсонтой холбогдуулан Аймгийн Онцгой Комиссын даргын 34 дүгээр тушаалын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Иргэдийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй 3 ажлын хэсэг, Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон бусад мэргэжлийн байгууллагын хамтарсан 4 нийт 7 ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс Жаргалант суманд хяналт шалгалтаар ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас аж ахуй нэгжүүдэд "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх заавар, зөвлөмжийг удаа дараа өгч ажилласан.
Тус ажлын хэсгүүд нь худалдааны төв, үйлчилгээний газрууд, барилга, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, аймгийн Онцгой комисс болон дээд шатны байгууллагын шийдвэрүүдийг танилцуулах, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар |Ковид-19|-аас сэргийлэх арга, хэмжээ зохион байгуулах, түр журам”-ын хэрэгжилт, халдвар хамгаалал, хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын дэглэм мөрдөж буй байдалд хяналт шалгалт хийж ажиллах юм.
Шалгалтаар журмын хэрэгжилтийг хангаж, халдвар хамгааалын дэглэмийг мөрдөж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, халдвар хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаж, шаардлага тавьж, зөвлөгөө зөвлөмж өгч, биелэлтийг хангуулан ажиллана гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.