Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан баруун аймгийн малчид зүүн аймгийн малчдыг бодвол ямаагаа нилээн хожуу самнадаг. Тийм учраас ноолуурын ханш харьцангуй хямд байдаг байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр Ховд аймагт ноолуурын ханш 110 000-118 000 төгрөгийн үнэтэй байна. Ховд аймгийн түүхий эдийн бизнес эрхлэгчдийн тэргүүн Ж.Батсайханы мэдээлсэнээр тус аймгийн нийт малчдын 30 орчим хувь нь энэ ханшаар ноолуураа худалдан борлуулжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хатуу хөл хориог сулруулсаны дараа ноолуурын ханш унах магадлалтай. Тйимээс Ховд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл олгосны дагуу түүхий эдийн зарим бизнес эрхлэгчид орон нутаг руу явж малчдаас ноолуур авч байна. Харин бусад нь малчидтайгаа цахимаар холбогдож харилцан итгэлцлийн хүрээнд хүнс тээврийн машинаар ноолуураа тээвэрлэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан солилцож байна.
ВИДЕО:Ж.Батсайхан Ховд аймгийн түүхий эдийн бизнес эрхлэгчдийн тэргүүн
Ховд аймгийн түүхий эдийн бизнес эрхлэгчдийн тэргүүн Ж.Батсайханы яриаг сонсголоо. Ховд аймгийн хэмжээнд “Ойрадын таван эрдэнэ” ХХК-д бүртгэлтэй түүхий эдийн 100 гаруй бизнес эрхлэгч бий. Тэднийг “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулсан байна. Заасан хугацааны дараа 2 дахь тунд бүрэн хамруулахаар төлөвлөжээ.