Монголбанк нь банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хамтран хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг шаардлага хангасан хуулийн этгээд, иргэдэд банкны чөлөөт эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй олгох үйл ажиллагаанд Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагч, банкинд хяналт тавих чиг үүрэгтэйгээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад чухал үүрэгтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчийн үйл ажиллагааг эргэлтийн хөрөнгө, зээлийн дахин санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих зорилготой тус хөнгөлөлттэй санхүүжилтийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналт, тайлагналын тогтолцоог банкны дотоод хяналт, Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт болон хууль сахиулах эрх бүхий байгууллагын оролцоотойгоор бүрдүүлж байна.
Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 5 банк 2021 оны 04 дүгээр сарын 20 байдлаар 296 иргэнд 9.84 тэрбум төгрөг, 35 аж ахуй нэгжид 6.96 тэрбум төгрөг, нийтдээ 331 харилцагчид 16.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Ажлын байрыг дэмжих зээл авахаар 783 харилцагчийн 47.9 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлжээ. Банкнаас зээл олгох шийдвэр нь гарсан боловч авч чадаагүй 47 иргэн, аж ахуй нэгжийн 4.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна гэж Монголбанкны Ховд аймаг дахь салбараас мэдээллээ.