З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйн салбарын уламжлалт арга барилыг шинэчилж, дижитал шилжилтийг үе шаттайгаар эхлүүлэх цаг болсон



Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай салбартаа хийж хэрэгжүүлэхээр зорьж буй гол ажлууд болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сайн байна уу. Цар тахлын улмаас салбар бүр өөрсдийн гэсэн сорилттой нүүр тулж байна. Хөдөө аж ахуйн салбар энэ цаг үеийг болон өвлийг хэрхэн даван туулсан талаар ярилцлагаа эхлүүлье?

- Дэлхийд нүүрлээд буй цар тахлын нөхцөл байдалтай хүн төрөлхтөн жил гаруй хугацаанд тэмцэж явна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй хүндрэлтэй олон нөхцөл байдалтай нүүр тулж, зэрэгцэн амьдрах сонголтын өмнө ирээд багагүй хугацааг туулжээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийнхээ шаргуу хичээл зүтгэлээр улсаа хүнсний хангамжийн асуудалд оруулж, хомстол үүсэхгүйгээр энэ цагийг даван туулж байна. Нөгөө талдаа энэ цаг үе Монгол Улсад хөдөө аж ахуйн салбар ямар чухал болохыг ойлгуулж байна. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтносон улсын хамгийн том сэдэв нь хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал болохыг харуулж байгаа юм. 

Өнгөрсөн зун Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь аймаг, Өмнөговийн хойд хэсгээр буюу нийт зургаан аймагт зун болоогүй гэж хэлэхэд болно. Энэ нь өвөлжилт хүнд болохыг харуулж байсан тул өнгөрсөн намар шинээр бүрдсэн Засгийн газар яаралтай арга хэмжээ авч чадсан. Бүсчилсэн уулзалтыг зохион байгуулж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах заавар зөвлөмж өгч ажиллахын зэрэгцээ зөвхөн дээрх 6 аймгийн малыг тусгайлан экспортод гаргахаар болж, 5.2 сая мал буюу 40 мянган тонн мах бэлдэх боломжийг нээж өгсөн. 

Мөн Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буюу 13.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж шийдүүлж, өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн уурагт тэжээлийг Засгийн газраас хүргэсэн. Үүнд нийт зургаан аймгийн 40 мянга орчим  малчин өрх хамрагдсан. Түүнчлэн онцгой комиссын бэлдсэн тэжээл, өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргэж ажилласан. Үүний үр нөлөөгөөр өвлийг харьцангуй хохирол багатай давж гарсан. 

-Хавар болж малчид, тариаланчдын хувьд ажил нь ид өрнөж эхэлсэн байх. Халдварын эрсдэлгүй ажиллах нөхцөл байдлаар хэрхэн хангаж байгаа бол? 

- Цар тахал цаашид хэдий хугацаанд үргэлжлэхийг бид хэлж мэдэхгүй. Тэгэхээр цар тахлын үед хүнсний аюулгүй байдал, бие даасан хүнсний бодлоготой байх нь чухал гэдгийг юуны өмнө хэлмээр байна.

Малчдын хотонд төлийн дуу цангинаад эхэллээ. Энэ жил нийт 24 сая төл хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар мал төллөлт 30 хувьтай явж байна. Тариаланчдын хувьд технологит ажлаа эхлүүлэх, намар хураах ургацаа бэлтгэх ажил хаяанд ирлээ. 

ХХААХҮЯ-ны зүгээс хаврын төлөвлөгөөт ажлынхаа урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангасан гэж хэлж болно. Тухайлбал, 1.000 гаруй тариаланчийг вакцинд хамруулан орон нутаг руу явуулахад бэлэн болсон. Мөн хаврын тариалалтаа эхлэх шаардлагатай 14 мянган тариаланч, ногоочдыг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс Сэлэнгэ аймагт 2.500 орчим тариаланч, ногоочин вакциндаа хамрагдчихсан. Үндсэндээ технологийн ажлаа эхлүүлэхээс өмнө газар тариалангийн салбарынхныгаа бүрэн вакцинжуулж, хаврын ажлаа эрсдэлгүй эхлүүлэх зорилт тавьсан.

ХХААХҮЯ энэ жил нийт 18 мянга орчим тонн үрийн буудай бэлтгэсэн. Тиймээс энэ жил хаврын тариалалт эхлэхэд үрийн болон хүнсний ногоон дээр тодорхой хэмжээгээр бодлого явуулж байгаа. Тухайлбал, гурав орчим тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ногоочдодоо дэмжлэг болгон үзүүлнэ. Ингэснээр үрийн асуудал гарахгүй гэж найдаж байна. Бидний яриад байдаг хүнсний аюулгүй байдал үрнээс эхлэх ёстой юм. Бид импортын үр авч ирж тарьчихаад аюулгүй, эрүүл хүнс гэж ярьж болохгүй. 

З.Мэндсайхан: ХХААХҮЯ цаашид хүнсний аюулгүй байдлаа хангах үүднээс үрийн аж үйлдвэрлэлд илүү анхаарна

-Засгийн газраас 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн салбарт олгож эхэлсэн. Зээл хүрэх ёстой хүмүүстээ хүрч чадаж байгаа юу? 

- Засгийн газраас эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрийг дэвшүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг олгосон. Одоо бол ноолуурын оргил үе болж байна. Малчид хотондоо төлөө хүлээж аваад, ямаагаа самнаж байгаа учраас аж ахуйн нэгжүүдийн хувьд түүхий эдийг бэлтгэх эргэлтийн хөрөнгийн дутагдалтай байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож буй хэрэг. Хүрэх ёстой хүмүүстээ хүрч байгаа. Хөнгөлөлттэй зээлийн хувьд ноолуур бэлтгэлд 200 тэрбум, газар тариаланд 100 тэрбумыг олгоно. Мөн арилжааны банкны шаардлага хангасан бүх малчид зээл авах боломжтой. Засгийн газар тэргүүлэх салбараа харж эхэлсэнд баяртай байна.

-Хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах ажил ямар үе шаттай явж байгаа вэ? 

- Хөдөө аж ахуйн салбарыг бид дижитал болгох хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн хувьд бие даасан салбар болоход том түлхэц үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй гэхээр угжны хурга шиг гэж төсөөлдөг ойлголтоосоо салж, эдийн засгийн бие даасан салбар болгох хэрэгтэй. Үүнд хүргэх гол хүчин зүйл нь цахим систем буюу төлөвлөлт мониторингийн арилжааны систем юм. 

Бид малын гаралтай бүтээгдэхүүн болох арьс шир, ноолуураа өрсөлдөхүйц байлгах хэрэгтэй. Үүний тулд мал эрүүл байх ёстой биз дээ. Мөн нөгөөтээгүүр эрүүл малын бий болгосон таваарууд үнэтэй байх ёстой. Энэхүү үнэ цэнэ чөлөөт өрсөлдөөн дээр суурилагдах учиртай.

Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх хамгийн анхны хүчин зүйл бол мөшгөх систем. Өөрөөр хэлбэл, малчны хотоос гарсан мал ямар тээврийн хэрэгслээр хаагуур тээвэрлэгдээд, аль үйлдвэрт очиж, хэрхэн боловсруулагдаж эцсийн бүтээгдэхүүн болсон гээд бүхий л үе шатны мэдээллийг бүрдүүлсэн системийг хийж дууссан. 

Мал аж ахуй, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнийг мөшгөх системийг хийж дууссан. 

Одоо мөшгөх системээ Хөдөө аж ахуйн биржийн системтэй уяж өгөх хэрэгтэй. Учир нь биржийн шинэчлэлийг хийхгүйгээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангана гэдэг хэцүү асуудал. 

Хүмүүс надаас энэ хавар ноолуур хэд байх вэ, энэ намар тариаг хэдээр авах гэж байгаа вэ гээд их сонин зүйл асуудаг. Засгийн газар үнэ тогтоохгүй, харин үнэ тогтоох системийг л бий болгож өгөх гэж байгаа хэрэг. Системийн тусламжтайгаар тариалан эрхлэлтийн салбарт оролцогч нь өөрт хэрэгтэй бүх мэдээллээ авч чаддаг байх боломжийг төр олгох хэрэгтэй. 

-Хөдөө аж ахуйн бирж, мөшгөх системийг цогцоор нь ойлгох гэдэг дээр та нэмж тайлбарлахгүй юу?

- Хөдөө аж ахуйн бирж гэдэг нь итгэлцлийн харилцаа, мөшгөх систем бол хариуцлагын тогтолцоо. Таны бий болгосон баялгийн талаар бүх мэдээлэл мөшгөх системд  цугларч, бирж дээр зарагдах үед хэрэглэгч зөвхөн сонголт хийхэд л болно. Хэрэв хэрэглэгчийн шаардлагад нийцэхгүй бол тухайн бүтээгдэхүүн зах зээл дээрээс автоматаар шахагдана. Ингэж шахагдахгүйн тулд өрсөлдөөн бий болж, тэр хэмжээгээр бүтээгдэхүүний чанар сайжирна л гэсэн үг. 

-Энэ жилийн хувьд улаанбуудайг биржээр арилжаалах гэж байгаа. Энэ удаа ямар нэгэн шимтгэл авахгүй гэсэн байсан шүү дээ? 

-Хөдөө аж ахуйн биржээр улаанбуудай арилжсанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, биржийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дотоод зах зээлийг тэлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Тухайлбал, зах зээлийн бодит ханш тогтож, тариаланч, худалдаа, үйлдвэр эрхлэгчдэд өөрсдийн хөдөлмөрөө зөвөөр үнэлэх, үнийн эрсдлээс үл хамааран бизнесээ төлөвлөж зах зээлд эрх тэгш өрсөлдөх таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Мөн тухайн бараа, түүхий эдийн ирээдүйн эрэлт, нийлүүлэлтийн төлөвийг урьдчилан тооцоолох боломжийг олгоно. Ингэснээр төрөөс олгох урамшууллыг үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанартай уялдуулан олгох, тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч нарын хооронд үүсээд байгаа өр, авлага зэрэг олон асуудлыг зөвөөр шийдвэрлэх боломжтой болох юм.

Зах зээлд үүсэх давуу тал: 

Бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдэнэ.
Мөнгөний эргэлт сайжирна.
Татварын хяналт сайжирна.
Дотоодын үйлдвэрлэл өснө.
Ажлын байр нэмэгдэнэ.
Тээвэрлэлт төвлөрч, бүтээгдэхүүний даатгалын зах зээл хөгжинө.
Түүнчлэн хуулиараа бол хоршоологчид, брокер диллерүүд биржийн арилжаанд оролцох бүрэн боломжтой байдаг. Манай ченжүүд гэж нэрлэгддэг хүмүүс Хөдөө аж ахуйн биржийг нуруун дээрээ үүрээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр биржийн шинэчлэлийг хийснээр ченжүүд брокер диллер болж хувирна. Биржийн арилжааны систем эдийн засгийн ач холбогдолтой байж хэмээнэ малчид өөрсдөө хоршоолж эхэлнэ.

-Хоршоо болох нь яагаад ашигтай гэж? 

- Би 100 тонн ноосоо өөрөө борлуулах уу эсвэл гурван хүнтэй нийлээд нийт 400 тонныг борлуулах уу гэдгээс эхэлнэ. Бид дөрөв хоршооллоор дамжуулан биржийн тоглогч болж хувирна. Ингэснээр бид бүтээгдэхүүндээ илүү анхаарч, эдийн засгийн үр өгөөжөө ч илүү авахыг хүснэ. Энэ нь тухайн бүтээгдэхүүний гадаадын зах зээлд гарах өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж өгч байгаа хэрэг. Нөгөө талд малчид тариаланчдыг улирлын бус тогтмол орлоготой болгох боломж нээгдэнэ. 

Жишээлбэл, намар арилжаалах улаанбуудайнхаа 20, 30 хувийг хавар арилжиж болно. Үнэт цаас гаргаад арилжаалж болно. Ийнхүү бид технологит цаг үед хэрэг болдог эдийн засгийн эргэлтийн хөрөнгөө банкны эх үүсвэрийг харахгүйгээр бирж дээрээс ирээдүйд бий болох орлогоо барьцаалаад авч болно гэсэн үг. 

Өнөөдөр бол дижитал шилжилтийн эрин үе. Тэр утгаараа хөдөө аж ахуйн салбар уламжлалт арга барилаа шинэчилж, дижитал шилжилтийг үе шаттайгаар эхлүүлэх цаг аль хэдийн болсон. Энэ нь улс орны хувьд, ард иргэдийн хувьд ч тэр томоохон боломжуудыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. 

ЭХ СУРВАЛЖ:Б.ДАВААБАЗАР, IKON.MN

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ