Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ



Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөлд гарын үсэг зурлаа.  



Үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Түвшинтөгс, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, төслийн зөвлөх А.Амгалан нар оролцлоо.


Энэхүү төсөл Европын Холбооны санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлэн, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” хэмээх томоохон төслийн бүрэлдэхүүн юм. Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дээрх төсөл дэмжлэг үзүүлэх зорилготой.

 
Төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудад ажлын байрыг бий болгох боломж олгох; төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй загварыг бий болгож турших, инноваци нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, чанар, аюулгүйн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний брэндүүдийг дэмжих зэрэг олон үр дүнтэй ажлыг зохион байгуулах юм.



Цахим хөдөө аж ахуйг тууштай хөгжүүлнэ 

Хөдөө аж ахуйн салбарт цахим технологийг нэвтрүүлэх ажил эрчимжиж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлсэн техник туслалцааны төслийн хүрээнд мах, ногооны өртгийн сүлжээнд бүртгэл, мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хөгжүүлээд буй 5 cистемийг хүлээн авлаа.  



Ургамал, ногооны өртгийн сүлжээнд:  

1. Ургамлын гарал үүслийн систем,  
2. Химийн бодисын бүртгэлийн систем,  
3. Лабораторийн нэгдсэн систем, 

Махны нэмүү өртгийн сүлжээнд: 

4. Махны үйлдвэрийн үйл ажиллагааны систем, 
5. Махны гэрчилгээний блокчейн модулийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.   


Мөн уулзалтаар “Залуу малчдад зориулсан сургалтын системийг бий болгох” техникийн туслалцааны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ төслийн гол зорилго нь мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн эргэлтийг сайжруулахад залуу малчдыг бэлтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.  




Эх сурвалж: ХХААХҮЯам
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ