Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
“Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Төрийн болон Хаан банкны удирдлагууд оролцож
“Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд төгрөгийн зээл олголтын талаар мэдээлэл өглөө.
Жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын зүгээс уулзалт зохион байгуулах хүсэлтийг хүлээн авсанд талархлаа илэрхийлээд
"Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээлд хамрагдахад тулгарч буй асуудал, санал хүсэлтийг уламжилсан юм. Тэдний зүгээс арилжааны банкны шалгуур болон барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудалд уян хатан хандах хэрэгтэй байгааг хэллээ. Тус зээлийг олгоход аж ахуйн нэгжүүдэд зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн шалгуур тавьж, нөгөө талдаа барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас батлан даах боломжийг бий болгосон нь Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгч нараа дэмжиж буй томоохон зохицуулалт болохыг сайд З.Мэндсайхан хэлж, цаашид бизнес эрхлэгч залуучууд бизнесээ хөгжүүлэх чиглэлд Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллахыг уриаллаа.
ВИДЕО:
Эх сурвалж: ХХААХҮЯам