Ховд аймгийн хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил 10 гаруй хувьтай явж байна

No photo description available.

Ховд аймаг өнгөрсөн жил нийт 2542 га талбайд тариалалт хийж, 28 мянган тонн ургац хураан авсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд тариалалтын талбайн хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлж, нийт 2663 га болгохоор төлөвлөжээ.
Үүнээс 262 га-д үр тариа, 589 га-д малын тэжээл, 744 га талбайд төмс, 1069 га-д хүнсний ногоо тус тус тарих юм. 
Мөн аймгийн хэмжээнд жилд дунджаар 440 орчим га талбайд жимс жимсгэнэ тарьдаг. Жимс жимсгэнэ тариалалтын талбайн 98 хувийг чацаргана эзэлж байна. 
Иймээс бусад төрлийн жимсний тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх, алим, чавгыг “Ховдын брэнд” бүтээгдэхүүн болгох, модны суулгац үржүүлэх ажлыг өргөжүүлэх зорилгоор "Жимс жимсгэнэ" дэд хөтөлбөрийг шинээр боловсруулан, батлуулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. 
Одоогийн байдлаар Булган сумынхан орон нутагтаа жимс жимсгэнэ тариалалтаар тэргүүлж буй. Тус суманд долоон аж ахуйн нэгж, иргэн жимсний модны суулгац үржүүлэх ажил хийж, жилд дунджаар 1000-1200 суулгацыг дотоодын зах зээлд нийлүүлж байгаа. Иймд "Жимс жимсгэнэ" дэд хөтөлбөрийн хүрээнд тэдгээр аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих бөгөөд алим, чавга зэрэг жимсний модыг сум орон нутгийн өрх бүр тариалах хөдөлгөөн өрнүүлэх аж. Үүний үр дүнд орон нутагт жилд дунджаар 15 мянгаас дээш модны суулгац үржүүлэх, худалдан борлуулах боломж нээгдэх төлөвтэй.  
Ховд аймгийн газар тариалан үйлдвэрлэлийн хувьд жилд хаврын тариалалт, намрын ургац хураалтын үед 3000-3200 гаруй тариаланч ажилладаг. Тэд бага, дунд оврын трактор 600, бусад багаж, тоног төхөөрөмж 400 нийт 1000 орчим техник хэрэгсэл ашигладаг гэх судалгаа бий.
Одоогоор тариаланчид багаж, техник хэрэгслийн бүрдүүлэлт хийх, услалтын систем байгуулах, суваг шуудуу татах, өтөг бууц авах зэргээр хаврын тариалалтын бэлтгэл ажлыг үе шаттай хийж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар сарын сүүлээр үр, үрсэлгээний ажил эхлэх ба тариаланчид чинжүү, өргөст хэмх, улаан лооль, байцайны үрсэлгээ хийх аж. Мөн үндсэн тариалалтын ажил дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс долоодугаар сар хүртэлх хугацааанд үе шаттай үргэлжлэх юм. Цаашид орон нутагт өрхийн тариалалтыг нэмэгдүүлэх, үр сортын дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөсөн гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ