2021 оны 03 дугаар сарын 13-14-ний үеэр болсон хүчтэй салхи, шуурганы улмаас ОХУ-ын хилээс нааш 10 км-т Увс аймгийн төвөөс цааш 90 км-ийн зайд буюу Давст сумын нутаг
“Хүдэнгийн хөдөө” гэх газар байрлах 110 кВ-ын с-458 ЦДАШ -ын 216 дугаар тулгуур хугарч унаснаас Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 2 өдөр цахилгаан тасалдаад байсан юм. Тэгвэл 2021 оны 03 дугаар сарын 15-ны орой орон нутгийн цагаар 22:40 цагт аваарыг бүрэн устгаж сэргээн босголтын ажлыг хийж дуусган ОХУ-с хүчдэл авах хүсэлтээ өгч 03 дугаар сарын 16-ны 00:55 цагт авч шөнийн 01:11 цагт Увс, Ховд, Баян-өлгий аймаг бүх сумдын нийт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа.
Одоогоор гэмтэл, сааталтай холбоотой ямар нэгэн гомдол байхгүй бүх аймгийн хэрэглэгчид цахилгаанаар хэвийн хангагдсан гэж Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхүлэг ярьлаа.
ВИДЕО: Д.Ганхүлэг /Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал/
Аваарийг олж тогтоон засварын бригад, хүн хүч, шаардлагатай техникээ бүрдүүлэн ажлын талбарт очиж засварын ажил эхэлснээс хойш Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн 6 машинтай 34 инженер техникийн ажилтан, Увс ЦТСүлжээ ХХК-иас 3 машинтай инженер техникийн 23 ажилтан нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй 3 бригад байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд 31 цагийн турш ажилласан байна.