Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт
“Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина” гэж тусгасан. Энэхүү бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулга тавьжээ.
Тэрбээр асуулгадаа “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үндсэн дөрвөн зорилтоо танилцуулж хэлсэн үгэндээ эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жилд дунджаар 140 сая ам.доллар зарцуулж буй өнөөгийн байдлыг халахын тулд “Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор энэ хавар Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг тодруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болоод байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1–т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд хандан тавьж байна. Үүнд;
1. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг тодруулах ажлын явц болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг энэ оны хэддүгээр сард эхлүүлж, хэдэн онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар;
2. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад болон бүрэн ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй ил тод танилцуулах, нөлөөллийн бүсэд орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Засгийн газар болон холбогдох байгууллага хэрхэн анхаарч байгаа ;
3. Усны тухай хуульд заасан эрчим хүчний зориулалтаар ус ашиглах талаар тусгасан зарим зохицуулалтыг илүү сайжруулах, ус ашигласны төлбөрийг одоо байгаа 2 хувиас нэмэгдүүлэх, Усан цахилгаан станц байгуулагдах сум, аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулах буюу үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх ямар боломжтой талаар тодорхой хариулт ирүүлнэ үү” гээд асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг танаас хүссэн байна.