Аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх “Ногоон байгаль” эко клубын сурагчид Монголын шувуу хамгаалах төвийн шувуу судлаач Г.Амархүүтэй цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон Монгол оронд “Устаж байгаа” ангилалд орсон нэн ховор шувуу болох Борцгор хотон шувууны талаар ярилцаж санал солилцов.
Борцгор хотон нь манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-ус, Хар, Айраг, Хяргас зэрэг нууруудад тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар ус нууранд цөөн тоогоор үржих болсон. Иймд Хар ус нуур нь Дэлхий дээрх Борцгор хотонгийн Зүүн азийн популяцийн үржлийн цорын ганц нутаг болоод байна.
Борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 150-аас бага байгаа гэж судлаачид үнэлсэн. Борцгор хотонгийн үржлийн биологи, тоо толгойг судалж тодруулах мөн үржлийн популяцид тулгамдаж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд сүүлийн 10 гаруй жил идэвхитэй ажиллаж байна. Зүүн азийн Борцгор хотон нь Монгол орны баруун бүс нутагт үржиж, намар өмнөд зүг нүүж Хятадын зүүн эргийн дагуу өвөлждөг. Хэдий тийм ч Монгол орны Борцгор хотонгийн нүүдлийн судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байсан байна.
Монголын шувуу хамгаалах төв нь Хятадын Ойн Шинжлэх Ухааны Академи болон Юүхэй технологитой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ ажлын хүрээнд нүүдлийн ховор шувуудын судалгааг гүйцэтгэж, энэ оны 07 дугаар сард Монголын шувуу хамгаалах төв, Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран гэрээ байгуулж “Хар-Ус нуурын Борцгор хотонгийн тоо толгой, нүүдлийг судлах” ажлыг гүйцэтгэжээ.
Нүүдлийн судалгааг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газраас олгосон “Ховор шувуу” барих тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэж, 07 дугаар сарын сүүлээр Хар-ус нуураас энэ жилийн 2 залуу хотонд сансрын дамжуулагчийг амжилттай зүүж тэдний шилжилт хөдөлгөөнийг тандаж байна.
Дамжуулагч бүхий 2 залуу хотон шувуу 10 сарын эхээр нүүдлээ эхлүүлж Хятадын Бохайн, Шар тэнгист өвөлжөөд одоогоор шар мөрөнд ирээд амарч байна. Зүүн азид 100 гаруйхан тоотой үлдсэн ховор хотонгийн нүүдлийн замналыг олж мэдсэнээр тэдний хамгаалалд хоёр улсын судлаачид, байгаль хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашдын хамгааллын менежментед шаардлагатай олон чухал алхамуудыг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.