Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл нь Дэлхийн байгаль хөмгаалах сангийн дэмжлэгээр дэргэдээ Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн Эко клубуудын ахлагч сурагчдаас бүрдсэн “Ногоон байгаль” эко клубыг байгуулжээ. Клубын сурагчид байгаль хамгааллын чиглэлээр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудын зохион байгуулсан ажлыг үе тэнгийнхэндээ хүргэх, тэдний дуу хоолой болон ажиллах юм. Эдгээр сурагчдыг өнөөдөр /2021.03.10/ аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга хүлээн авч уулзан мэдээлэл солилцож, улмаар клубын сурагчдад ногоон байгаль эко клуб гэсэн таних тэмдэг бүхий бичигтэй хантааз, фудболк гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Үүний дараагаар ногоон байгаль эко клубын сурагчид анхны ажлаараа Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболдынд очиж, гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж байгаатай танилцсан юм. Уг хотон шувууны баруун далавчны 1,2-р үе нь хугарч улмаар яс нь бороолоод эдгэсэнээс үүдэн далавчаа гүйцэд дэлгэж нисэж чадахгүй байгаа юм байна. Иймээс Солонгос, Япон улсын мал эмнэлгийн байгууллагат хагалгаа хийж, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэх боломжтой гэдгийг биологич Ц.Ганболд хэлж байлаа. Энэ үеэр Ногоон байгаль эко клубын сурагчид уг хотон шувууны эмчилгээнд туслахаар “Таны хандивласан 1000 төгрөг Хотон шувуунд амьдрал бэлэглэнэ” хандивын аян өрнүүлэх санаачлага гаргасан юм.
ВИДЕО: