Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг сайжруулах, багш, оюутан, сурагчдыг дэмжих зорилгоор
“Чанартай боловсрол”, “Чадварлаг багш, сурагч, оюутан”, “Монгол хэл, бичиг”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” зэрэг 4 дэд хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр хөтөлбөрүүдийг салбарын эрдэмтэд, багш, мэргэжилтнүүдийн санал, оролцоотойгоор анхан шатны түвшинд боловсруулаад байна. Хөтөлбөрүүдийг боловсролын салбарынхан болон иргэд олон нийтэд танилцуулж, хөтөлбөрт тусгах саналыг авах юм.
Энэ оны 3 дугаар сарын 06-ны Бямба гарагт боловсролын салбарт ажиллаж буй багш нар, удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулахаар товложээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.02/ аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан, Боловсрол, Соёл урлагийн газрын сургалт, судалгаа, аргазүй хариуцсан хэлтсийн дарга Д.Нарандорж нараар ахлуулсан ажлын хэсэг дээрх хөтөлбөрүүдийг их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, Ахмад болон Залуу багш нарын холбоо ТББ-ын төлөөллүүдэд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад оролцогчид авсан мэдээллийнхээ дагуу хөтөлбөрт тусгах саналаа хэлэлцүүлгийн үеэр ирж илэрхийлэх юм. Үүний үр дүнд салбарын багш, мэргэжилтнүүд, эцэг эхчүүдээс гарсан саналыг нэгтгэн хөтөлбөрт тусган боловсруулж батлуулахаар төлөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ:http://khovd.gov.mn/