2019 оны ус ашиглалтын судалгаагаар Баруун бүсийн аймгууд жилдээ 137 мянга гаруй куб метр ус ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс Ховд аймгийн тухайд хамгийн их буюу 64 мянга гаруй куб метр ус ашиглаж байгаа бөгөөд энэ нь баруун бүсийн аймгуудаас дунджаар 6 дахин илүү их ус ашиглаж байгаа үзүүлэлт юм. Иймээс усны алдагдлыг бууруулах, усны зөв зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс санаачлан "Дусал ус-Шижир алт" усны тоолууржуулалтын аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хар нуур, Ховд голын сав газар, Жаргалант сум, Шим Ус ОНӨААТҮГ, Дэлхийн Байгаль хамгаалах сан зэрэг холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Аяны хүрээнд эхний ээлжинд Ховд аймгийн төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг нэн тэргүүнд тоолууржуулах юм. Өөрөөр хэлбэл, тус ажлын хэсэг Дэлхийн усны өдрийг угтан төрийн байгууллагуудыг 03 дугаар сарын 22-ний өдрөөс өмнө бүрэн тоолууржуулах бол 06 дугаар сарын 20-ноос өмнө бүх аж ахуйн нэгжүүдийг тоолууржуулахын зэрэгцээ сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Дусал ус Шижир алт” усны тоолууржуулалтын аянд өнөөдөр /2021.03.02/ ЕБ-ын II сургуулийн хамт олон нэгдэж, усны тоолуур сургуульдаа суурилуулж байна.
Ховд аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар 58 төсөвт байгууллагын 54 буюу 91 хувь, 107 ус ашиглагч ААН үйл ажиллагаа явуулж байгаагийн 71 нь буюу 70 хувь нь, төвлөрсөн шугамнаас ус ашигладаг 3538 айл өрхийн 58% нь тоолуургүй гэсэн судалгаа гарчээ. Иймээс амьдралын эх булаг, усаа хайрлан хамгаалах , зөв зохистой, ухаалаг хэрэглээг Ховд аймагтаа хэвшүүлэхийн тулд "Дусал ус Шижир алт" усны тоолууржуулалтын аяныг дэмжин хамтран ажиллахыг төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж болон угсаатан ястан нийт иргэддээ уриалж байлаа.
ВИДЕО: