Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна



Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгуудын нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Түүнчлэн  маргааш буюу хоёрдугаар сарын 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 
Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох,зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ