Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус комиссын Беларусийн хэсгийн дарга, Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчиктой цахим уулзалт хийлээ.
Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй таван төсөл болох:
“Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх”,
“Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах”,
“Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төсөл,
“МАЗ” үйлдвэрийн зам засварын болон зам цэвэрлэгээний 42 машиныг нийлүүлэх”,
“Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх” төслүүдийн хүрээнд өргөжин хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.
Монгол Улсын газар тариалангийн салбарын түүхэн хөгжилд Беларусь Улсад үйлдвэрлэсэн МТЗ-80 трактор чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын үеэс өнөөг хүртэл манай улсын малчид, тариаланчид МТЗ тракторыг ашиглаж байгаа. “Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая еврогийн техник, тоног төхөөрөмжийг Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлэх бөгөөд 2021 оны хаврын тариалалт эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа З.Мэндсайхан сайд илэрхийлэв.
“ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 14 төрлийн нийт 71 техник нийлүүлэгдэнэ. Үүнээс 2020 онд 56 техникийг хүлээн аваад байгаа бөгөөд үлдсэнийг нь ойрын хугацаанд авахаар талууд ажиллаж байна.
“Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах” төсөл нь газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт хэрэгжихтэй холбогдуулан төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Беларусийн шинжээчдийн багийг ойрын хугацаанд Монгол Улсад ажиллуулахаар тохиролцов.
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хязгаарлахгүй бусад салбарт өргөжүүлэх, 2019 оны 6 дугаар сард байгуулсан “Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх” замын зураглалын дагуу хамтран ажиллах хүсэлтэй байгаа талууд илэрхийллээ.
Монгол Улс Элчин сайдын яамаа 2020 онд Минск хотноо нээсэн бөгөөд Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, өргөжүүлэхэд хоёр талын Элчин сайдын яамд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаа юм.
Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдаан Минск хотноо зохион байгуулагдах ээлжтэй бөгөөд 2021 оны 3 дугаар улиралд зохион байгуулахаар урьдчилан байдлаар тохиролцлоо.
Эх сурвалж: ХХААХҮЯам