Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр 5 дэд хөтөлбөр шинээр боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгагдсан. Аймгийн ГБХЗХГ “Монгол гэр бүл” хөтөлбөрт төрийн болон ТББ, иргэдийн оролцоог хангаж, санал авах зорилгоор 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ГБХЗХГ, ХХҮГ, Нийтийн номын сан, Цагдаагийн газар, Прокурорын газрын холбогдох ажилтнууд, Жаргалант сумын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, Ховд их сургуулийн багш нар, Эмэгтэйчүүдийн холбоодын төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, Дэлхийн зөн Ховд ОНХХ-ийн ажилтнууд, гэрээр айлчлагч нарын 70 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ГБХЗХГ-аас Ховд аймгийн гэр бүл, хүүхэд, өсвөр үеийнхний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал цаашид хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тус хөтөлбөр боловсруулахад иргэдийн оролцоог идэвхижүүлж, санал бодлыг нь сонсохыг зорьж байгаа бөгөөд иргэдээс цахимаар санал асуулга авах, онлайн хэлэлцүүлэг хийх юм.