Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан талаарх мэдээллийн дагуу салбарын сайд З.Мэндсайханаас уг асуудалд ямар хариуцлага тооцох талаар тодрууллаа.
З.Мэндсайхан: “Төрийн албан хаагчид төрийн албаны тухай хуулийн дагуу ажил үүргээ хариуцлагатай, ёс зүйтэй хийж гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл ажлын байранд хариуцлага алдаж, зөрчил гаргалаа. Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ажлын тусгай горимоор ажиллах талаар Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй, хариуцсан байгууллагын төрийн албан хаагчдын ёс зүйн байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас ХААДС-ийн зарим албан хаагчид ажлын хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан тул сангийн захирал Н.Төмөрхүүд 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулав.” гэлээ.