Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Буянт гол, Хар-Ус нуур, Мянгадын гүүр орчмоор эргүүл, хяналт хийжээ



Эцэг, эхчүүд хүүхдүүдээ агаар салхинд гаргах явцдаа хүүхдээ чарган дээр суулган автомашинаар чирэх, хүүхдүүд мөсөн дээр гулгаж тоглох явцдаа бэртэж гэмтэх тохиолдол нэмэгдсээр байгаа. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу төрийн байгууллагууд сар бүрийн нэг өдөр Буянт гол, Хар-Ус нуур, Мянгадын гүүр орчмоор эргүүл, хяналт хийж хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. 


  
2021 оны 02-р сарын 02-ны өдөр хуваарийн дагуу аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон бусад албан хаагчид эргүүл, хяналт хийжээ. Энэ үеэр хүүхдээ чарган дээр суулган машинаараа чирж байсан 4 тохиолдолтой тааралджээ. Эдгээр хүмүүст “хүүхдийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” талаар болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар яриа таниулга хийж, зөрчлийг таслан зогсоосон байна. Мөн эцэг эхчүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль болон “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Өөрийгөө болон бусдыг өвдөхөөс сэргийлье”, “Осол гэмтлээс урьдчилан сэргийлье”, “Бусдыг дээрэлхэхгүй байя”, “Эд зүйлээ эвдэж шидлэхгүй байя”, “Шүлс хогоо ил хаяхгүй байя”, “Бусдын орон зайг хүндэтгэе” зэрэг 10 төрлийн гарын авлага материалыг тараан эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ