Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, салхи шуурганы давтамж нэмэгдэж хөрсөн дахь чийгийн хэмжээ багассанаар хуурайшилт бий болохоос гадна тоосжилттой холбоотой харшлын гаралтай өвчлөл үүсэх магадлал өндөр тул дээрх байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу Хөрсийг хуурайшилтаас хамгаалах ажлыг зохион байгуулж байна.
Хөрсийг хуурайшилтаас хамгаалах ажлыг 2021 оны 01-р сарын 28-ны өдрөөс 02-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд уг ажилд Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 73 аж ахуйн нэгж байгууллагууд оролцох юм. Байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 м квадрат талбай болон хавсралт зургийн дагуу цэцгийн мандал, хайс хашлага гээд нийт 15689.97 метр квадрат талбайг мөсжүүлнэ. Хөрсийг хуурайшилтаас хамгаалах ажлыг хийж гүйцэтгэхдээ албан байгууллага аж ахуйн нэгжүүд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, мөсийг хариуцсан талбайд буулгахдаа ургаж буй нялх модны суулгацыг гэмтээлгүй ажиллахыг үүрэг болгосон байна. Уг ажил энэ долоо хоногоос эхлэн эрчимтэй явагдах бөгөөд одоогийн байдлаар Ховд их сургууль, аймгийн Музей зэрэг дөрвөн байгууллага нэгдээд байна гэж Жаргалант сумын ажлын албанаас мэдээллээ. Иймээс төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хувиарлагдсан болон хувиарлагдсанаас бусад нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгаа ногоон байгууламжийн хөрсний чийгийг нэмэгдүүлэх, мөсжүүлэх ажилд идэвхитэй оролцох хэрэгтэйг хэлж байлаа.