0-6 САРТАЙ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ

No description available.

0-6 САРТАЙ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ
0-6 сартай нярай хүүхдийн гадаад орчинд дасан зохицох нэг нөхцөл бол хөхөөр хооллох явдал юм. Эхийн сүү нь биед шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус, амин дэмийг хамгийн зохистой харьцаагаар агуулах тул эрүүл нярайг төрөөд 45 минутын дотор амлуулах шаардлагатай. Хүүхдийг 0-6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хүссэн үед нь хооллохыг эрмэлзэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн өсөлт хөгжил, хөдөлгөөн, хоол боловсруулалтад зарцуулагдах илчлэгийг нөхөж өгнө. Энэ үед хүүхдийг аль болох олон удаа, өдөр шөнөгүй хоногт 8-аас доошгүй удаа хөхүүлэх хэрэгтэй. Ингэхдээ нэг удаад 15-20 минутаас багагүй хугацаагаар хөхүүлэх нь зүйтэй. 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдол:
1. Хүссэн үед нь хөхүүлэх тусам эхийн сүүний гарц нэмэгдэж, хүүхэд хангалттай цатгалан байх болно
2. Ээжтэйгээ сэтгэл санааны холбоотой болж, эхийн хайр, ивээл нэмэгдсэнээр хүүхдийн цаашдын хүмүүжил боловсролд нөлөөлдөг
3. Хүүхдийн хэл яриа хөгжиж, хэлд хурдан орно
4. Нүдний харааны хөгжил хурдацтай явагдана
5. Хүүхдийн ой тогтоолт сайжирч, илүү сэргэлэн болж өснө
6. Угжны сүү, шил хөхөлттэй холбоотойгоор хүүхдэд тохиолдож болох өвчнөөс сэргийлж чадна зэрэг олон давуу талтай. 

Хүүхдийг угжаар хооллохын сөрөг үр дагавар: 
1. Бие бялдар, мэдрэл сэтгэхүйн өсөлт хөгжил хоцрох
2. Өвчлөмтгий, сул дорой, тамир тэнхээ муутай болох
3. Хүнийг хайрлах мэдрэмж сул хөгжих
4. Харшилд өртөмхий болох
5. Суулгалт өвчинд өртөх, тураалд орох зэрэг сул талтай. 

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний онцлог: 
1. Эхийн сүүг орлож чадахгүй
2. Ихэнхи тохиолдолд үнээний сүүгээр хийдэг тул өндөр үнэтэй
3. Уураг, кальц, кали, натри, хлор багатай, чихэр ихтэй
4. Уураг, тос нь үнэт чанараараа эхийн сүүг гүйцэж чадахгүй
5. Халдварын эсрэг бодис агуулдаггүй.

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч Н.Цэнд-Аюуш, сувилагч Д.Мөнхгэрэл

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ