Дэлхийн 75 орны ХАА-н сайд нар, 14 Олон улсын байгууллагын төлөөлөл “Цар тахал болон цаг уурын өөрчлөлтийн энэхүү цаг үед дэлхийг хэрхэн хоол хүнсээр хангах вэ” сэдвийн дор цахим хэлэлцүүлэг өрнүүллээ



ХБНГУ-н Берлин хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн Ногоон долоо хоног үйл ажиллагаа “Цар тахал болон цаг уурын өөрчлөлтийн энэхүү цаг үед дэлхийг хэрхэн хоол хүнсээр хангах вэ?” сэдвийн дор 2021 оны 01 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд цахим байдлаар зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид зэрэг дэлхийн нийт 75 орны хөдөө аж ахуйн сайд нар ,  14 олон улсын байгууллагын өндөр албан тушаалтнууд оролцлоо.

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын 13 дахь чуулга уулзалтаар батлах баримт бичгийн эцсийн найруулгыг оролцогч орны ахлах албан тушаалтнууд нийт 5 цагийн турш хуралдан хэлэлцэж боловсруулсан.

Энэхүү баримт бичгийн агуулгыг товч дурдвал:

2014 оноос хойш дэлхий даяар өлсгөлөн нэмэгдэж, COVID-19 тахал болохоос өмнө 690 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхийн 2 тэрбум орчим хүн хангалттай хоол хүнсээр тогтмол хангагдаж чадахгүй, 3 тэрбум хүн эрүүл хооллолтыг авч чадахгүй байна. Энэ нөхцөл байдал нь дэлхийн хоёр том сорилт болох COVID-19-ийн цар тахал ба уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хурцдаж байгааг оролцогч талууд цохон тэмдэглэсэн.

Дэлхийн хүнсний хангамж өнөөг хүртэл хангалттай, олон улсын зах зээл тогтвортой байгаа мэт боловч COVID-19 цартахал манай хүнсний систем дэх үндсэн дутагдлыг илүү тодорхой гаргаж ирсэн. COVID-19 цар тахлын эдийн засгийн үр дагавар нь 2020 оны эцэс гэхэд 83-132 сая гаруй хүнийг архаг өлсгөлөнд нэрвүүлээд байгаа юм.



Үүний зэрэгцээ цаг уурын өөрчлөлт нь дэлхийн хамгийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд дэлхий нийтээрээ үүний эсрэг хамтдаа тэмцэн, оновчтой шийдлийг бий болгож олон улсын байгууллагууд, фермерүүдийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, холбогдох санал санаачлыгыг дэмжих нь чухал гэдэгт талууд санал нэгдсэн.

Өнөөгийн цар тахлын хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлд үзүүлэх нөлөөллийг аль болох багасгах, ирээдүйн цар тахлаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох зорилгоор салбар дундын олон талт хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл нэн шаардлагатай байгааг Дэлхийн хөдөө аж ахуйн сайд нар хүлээн зөвшөөрч, албан ёсны мэдэгдэл тунхагийг санал нэгтэйгээр дэмжиснээр 13 дахь Хөдөө аж ахуйн сайд нарын чуулга уулзалт өндөрлөлөө.  



 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ