Сүүлийн үед цахилгаан хэрэгсэл, бусад зүйлтэй холбоотой ахуйн түлэгдэлт, гэмтэл нэлээд гарч байна. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ирж буй түлэгдсэн хүмүүсийн дийлэнх хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байна. Тухайлбал, он гарснаар ахуйн түлэгдэлт, гэмтэлтэй холбоотой 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн аж.
Коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдүүд гэртээ илүү их цаг өнгөрүүлж байгаа. Иймээс бага насны хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх, гэртээ аюулгүй орчин бүрдүүлэх, түлэгдэлтээс гэр бүлийн гишүүдээ хамгаалах, урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Мөн түлэгдэлтийг эмчлэх арга түлэгдсэн зэрэг, талбайнаас шалтгаалан өөр өөр байдаг. Үүнд нэгдүгээр зэргийн түлэгдэлт бол гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх боломжтой. Харин хоёр, гуравдугаар зэргийн түлэгдэлт бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай аж.