"Миний гэр бүлийн шидэт номын сан" видео бичлэгийн уралдаан зарлалаа



Ховд аймгийн Нийтийн номын сангаас "Миний гэр бүлийн шидэт номын сан" сэдэвт 3-5 минутын богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарласан байна. Зохион байгуулагчдын зүгээс тус уралдааны үйл ажиллагааг долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар уг уралдааны үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Тавигдах шаардлага гэвэл шалгаруулалтад оролцох 3-5 минутын бичлэг нь агуулгын хувьд сэдэвтэй уялдсан байх учиртай аж. Мөн хүүхэд багачууд, залуу үеийнхэн, иргэд олон нийтэд ном уншихын ашиг тусыг үлгэрлэн уриалсан, гэр бүлийн гурваас доошгүй төлөөлөл, тэр дундаа эцэг эхийн аль нэг нь оролцсон байх зэрэг шаардлага тавьжээ. Түүнчлэн тухайн гэр бүлийнхэн номын сангаа танилцуулахдаа шинээр нэг уриалга гаргасан байвал давуу тал болно гэж албаныхан мэдээллээ. 
Уралдаанд ирсэн видео бичлэгийг Ховд аймгийн Нийтийн номын сангийн албан ёсны пэйж хуудсанд байршуулж, 1-3 байр шалгаруулан, батламж, мөнгөн шагналаар урамшуулах юм. Тус уралдаантай холбоотой мэдээллийг 98000160, 99439677 утсаар лавлах боломжтой.  
Энэхүү уралдааны зорилго нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим орчинд соёл түгээх, иргэд, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд хөгжих боломжийг өргөжүүлэх,  тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэж буй. 
Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон сүүлийн үед шинээр ирсэн ном, зарим зохиол бүтээлийг цахим хэлбэрээр нийтэлж, олон нийтэд хүргэж байна. 
Ховд аймгийн Нийтийн номын сангийн “Гэрээр ном олгох” тасаг нь 4000 гаруй номтой. Жилд дунджаар 300 гаруй уншигчдад 3000 гаруй номоор үйлчилдэг аж. Гэрээр ном олгохдоо 3-7 хоногийн хугацаатай олгож байна. Ингэхдээ ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагт ажиллана.
“Их мэдэх” танхим нь 2000 гаруй боть номтой. Ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дугаар ангийн сурагчдад 08:00-17:00 цагт үйлчилдэг. Нэг удаад 30-40 уншигчид үйлчлэх хүчин чадалтай аж.
Харин “Уншлагын их танхим” нь 5000 гаруй боть номтой. Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад 08:00-21:00 цагт ээлжийн хоёр номын санч үйлчилдэг. Нэг удаад 100-150 уншигчдад үйлчлэх хүчин чадалтай юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ