Монгол, Унгарын Засгийн Газар хоорондын Комиссын Монголын хэсгийн дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Унгарын хэсгийн дарга Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Юу Иштван нар цахим уулзалт хийлээ. Уулзалтад Монгол улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.
Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн жил тохиосон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын мэндийг харилцан дэвшүүлээд Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Талууд уулзалтын үеэр хоёр орны найрсаг хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат УТҮГ-н иж бүрэн шинэчлэлийг дэлхий дахинд тархаад буй цар тахлын хүнд үед хэрхэн оновчтой байдлаар урагшлуулах, тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, зохион байгуулж ажиллах талаар санал солилцсон юм. Мөн цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр дүнтэй, ач холбогдолтой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Үүнээс гадна Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн боловсролын салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй Унгар Улсад талархал илэрхийлээд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 2023 он дуустал үргэлжлүүлэн олгохоор болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн.
Хоёр орны Төрийн тэргүүн, холбогдох сайд нарын хийсэн уулзалтаар ярилцсан зүйлсийг ажил хэрэг болгох тэр дундаа киноны салбарт хамтран ажиллах, археологи, угсаатны музейн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа талууд илэрхийллээ.
Хоёр орны хооронд худалдааны эргэлтийг сайжруулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд талууд санал нэгдсэн юм. Унгарын талаас уул уурхай, геологи, усны менежментийн чиглэлээр цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх эдгээр салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих саналыг тавьсныг Монголын тал нааштайгаар хүлээн авч дэмжин, анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам