Ховд аймгийн Жаргалант сумын нутаг, Бичигтийн хөтлийн хяналтын цэг орчимд өнгөрсөн онд олон улсын стандартад нийцсэн авто вокзал барих ажил эхэлжээ. Одоогоор барилгын суурийн ажил дуусч, 20-30 хувийн гүйцэтгэлтэй байна. Бусад ажлыг гуравдугаар сард эхлэх ба энэ онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Уг авто вокзал таван давхар бөгөөд олон улсын MNS 6300:2011 стандартад нийцүүлэх аж.
Үүнд үйлчилгээний танхим, ачаа хадгалах хэсэг, эмчийн үзлэгийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, тээвэрчид, зорчигчдод үйлчлэх зочид буудал байна. Мөн 20 автобусны граж, техникийн үйлчилгээний цэг, 100 гаруй авто машины ил зогсоол бий болгох аж.
Энэхүү бүтээн байгуулалтыг “Ховд зорчигч тээвэр” ХХК өөрийн хөрөнгөөр анх удаа гүйцэтгэж байгаагаараа онцлогтой. Тус авто вокзал ашиглалтад орсноор орон нутагтаа олон улсын стандартад нийцсэн авто тээврийн цогц үйлчилгээг нэвтрүүлэх, иргэд тохилог орчинд үйлчлүүлэх боломж бүрдэх аж.