Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ



ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 сарын 17,18,19-ны өдөр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламжийг хүргэсэн байна. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн хүртээмж, түгээлтийн ажилтай газар дээр нь танилцаж, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан юм.



Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн тусламжийг Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Төв, Архангай, Говь-Алтай аймгийн  53 сумын 1000 өрхөд үзүүлэх юм. Эдгээр өрхийг хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийн сонгож, тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг тусламжид Архангай аймгийн 7 сумын 112, Баянхонгор аймгийн 11 сумын 264, Говь-Алтай аймгийн 8 сумын 160, Дундговь аймгийн 9 сумын 144, Өвөрхангай аймгийн 10 сумын 200, Төв аймгийн 8 сумын 120 малчин өрхөд бүх төрлийн малд зориулсан тэжээлийг олгох юм. Зайлшгүй нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай эх мал, сүрэг сэлбэх өсвөр малыг 60 хүртэлх хоног нэмэгдэл тэжээлээр тэжээхэд хүрэлцэхүйц бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багц юм.


Тусламжид хамрагдах зорилтод бүлгийн малчид малын тооноосоо хамаарч дунджаар 640-905 мянган төгрөгтэй тэнцэх 460-835 кг тэжээлийн тусламж авах юм. Дээрх 6 аймгийн ХХААГ-ууд Улаанбаатар хотоос тэжээлийг татан авах, зорилтот бүлгийн малчинд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Богд суманд ажиллах юм.




Эх сурвалж: ХХААХҮЯам
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ