Сүүлийн үед иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гулгах, авто машинаар уран жолоодлого \дрифт\ хийх тохиолдол их гарч байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Одоогоор гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бэхжээгүй байна. Иймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байв.
Одоогийн байдлаар Ховд голын мөсний зузаан 56 см, Дундцэнхэр голынх 50 см байна. Харин Долооннуур голын мөсний зузаан 55 см, Хар-Ус нуурынх 80 см, Булган голынх 43 см байгаа аж. Мөн Буянт голын мөсний зузаан 73 см, Төгрөг голынх 62см, Чоно-Харайхын голынх 52 см тус тус байна.