Иргэд нэг удаад 400-450 мл цус хандивласнаар 3 хүний амь насыг аврах боломжтой байдаг. Төрөхийн хүндрэл, томоохон хагалгаа, цусны эмгэг, хорт хавдар зэрэг өвчлөлд цус, цусан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор цусаа хандивлах иргэдийн тоо эрс буурсан. Энэ үед Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Эрчим хүчний яам хамтран “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх аян”-ыг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн 104 ажилтан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цус сэлбэх \хандивлах\ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, донорын эгнээг өргөжүүллээ.
Ховд аймгийн хэмжээнд 17-60 насны 1000 гаруй цусны донор байна. Үүнээс Ховд аймгийн Цусны салбар төвд жилдээ 500 гаруй донор цус сийвэнгээ тогтмол бэлэглэдэг аж. Цаашид цусны донорууд, сайн дурын идэвхтэн иргэд, оюутан залуусыг сайн үйлсийн аяныг дэмжин, бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэхийг уриалж байна.