Ховд аймагт Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинет байгуулна



Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэд “Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинет” байгуулахаар шийдвэрлэжээ. Үүнд 20 орчим сая төгрөг зарцуулах ба санхүүжилтийг ирэх 2021 оны орон нутгийн төсвөөр баталсан байна. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинетэд нарийн мэргэшсэн эмч, сувилагч гэсэн хоёр хүн ажиллах юм.   
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн өвчлөл өндөр, эрсдэлт зан үйл их, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрэлхийлэх нь хамгийн бага байна. Мөн эрэгтэй хүний дундаж насжилт эмэгтэйчүүдээс бага байгаа аж. Ховд аймгийн тухайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2016 онд 72.58 хувь байсан. Улмаар 2019 онд 72.76 болж 0.18 хувиар өссөн байна. 
Өнгөрсөн 2019 онд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд шээс бэлгийн зам, нөхөн үржихүйн эмгэг  нэлээд бүртгэгджээ. Үүнд төмсөгний судасны эмгэг 85, буугаагүй төмсөг 18, шодойн эмгэг 59 бүртгэгдсэн байна. Түүнчлэн 2019, 2020 оны цэрэг татлагын үзлэгээр төмсөгний судасны эмгэг 52,  шодойн эмгэг 12,  төмсөгний байрлалын эмгэг 25 оношлогдсон аж. Иймээс эрэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, тэднийг эрүүлжүүлэх, халдварт ба халдварт бус өвчнийг бууруулах зорилгоор Ховд аймагт анх удаа Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинет байгуулах санаачилга гарсан. Үүний үр дүнд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн зарим өвчлөл болох үргүйдэл, төмсөгний байрлалын болон бүтцийн өөрчлөлт, шодойн эмгэг,  түрүү булчирхайн өвчний оношилгоог сайжруулж, эмчилгээ, тусламж үйлчилгээг чанартай хүргэх нөхцөл бүрдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо.   

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ