Ховд аймгийн нутагт 31850 тураг гогой шувуу тоологджээ



Ховд аймгийн Хар-Ус нуур болон Хар нуур, түүний цутгал голд энэ онд тураг гогой буюу “хар галуу” шувууны ажиглалт судалгаа хийжээ. Тодруулбал, Ховд аймгийн Байгаль орчны салбар байгууллагуудаас энэ чиглэлд таван удаагийн тандалт судалгаа хийсэн. Үүний үр дүнд нийт 31850 тураг гогой шувуу тоологдсон байна. 
Тураг гогой (Phalacrocorax carbo) нь гогойныхон овгийн усны шувуу юм. Энэхүү шувуу нь том, хар бараан зүсэмтэй. амьдрах бүсээс шалтгаалан өдний өнгө зүс олон янз байна. Судалгаагаар биеийн жин 1.5-5.3 кг гэж бүртгэгдсэн. Гэхдээ дунджаар 2.6-3.7 кг байна. Биеийн урт 70-102 см. Далавчаа дэлгэхэд 121-160 см юм. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Нас бие гүйцсэн нь үржлийн улиралд цагаан толботой байна. Тураг гогой сүргээрээ цуглах хэд хэдэн газартай байх ба тэндээ унтаж амран, түр амсхийдэг. Үүр цайхад идэш тэжээл олохоор ниснэ. Үржлийн улиралд хэдэн арав, эсвэл хэдэн мянгаар сүрэглэдэг. Тэд голдуу усны эргийн өндөр байц хад, модонд хатсан мөчир, далайн замаг зэргээр үүрээ засах ба 3-4 өндөг гаргана. Нэг сар орчим дараад ангаахай гарах ба 40-50 хоноод бие даадаг аж. Төрөл бүрийн загасаар хооллох ба тэр дундаа могой загас их барьж иддэг. Ан хийхдээ дунджаар 20-30 м шумбана. Заримдаа 1 минут гаруй хугацаагаар 10 м гүнд шумбах нь бий. Өдөрт 500 гр орчим загас иддэг гэнэ. Тураг гогой нь нүдээ хөдөлгөж чаддаг цөөн шувуудын нэг гэж зарим эх сурвалжид тэмдэглэжээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ