Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс зудын эрсдэлийн мэдээг танилцууллаа.
Тус байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зудын эрсдэлийн зураглал гаргажээ. Тус зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувийг зудын их эрсдэлтэйд тооцсон байна.
Үүнээс Алтай салбар уулсаа дагасан Мөнххайрхан сумын баруун хойд тал, Мөст сумын Хужирт баг, Цэцэг сумын Баян овоо, Баян гол багийн нутгаар зудын эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Мөн Булган, Алтай, Үенч сумын зүүн хойд талын уулархаг нутгаар зудын эрсдэл ихтэй аж.
Түүнчлэн Мөст, Цэцэг сумын зүүн тал, Мөнххайрхан, Алтай сумын ихэнх, Зэрэг сумын Гүвээ, Хөндлөн, Бураа, Эхэн багуудын, Манхан сумын Баянгол багийн нутгаар дунд зэргийн эрсдэлтэй.
Мөн Чандмань сумын Сүлжээ, Талын булаг баг, Буянт сумын Норжинхайрхан, Цагаан эрэг баг, Дуут сумын баруун талын нутгаар дунд зэргийн эрсдэлтэй гарсан. Бас Мянгад сумын хойд тал, Дөргөн сумын баруун хойд тал, Үенч сумын зүүн хойд талын нутгаар дунд зэргийн эрсдэлтэй гарсан байна.
Өөрөөр хэлбэл эдгээр нутгаар цас их орж хүйтэрвэл өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэж болзошгүйг харуулж байна гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Цаашид нийт нутгаар цас орж цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тул өвс тэжээлийн нөөц бэлдэх, татан байршуулах зэрэг ажлыг эрчимтэй гүйцэтгэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.